Элсний волейбол

Манай улсын волейболын улсын шигшээ /эрэгтэй/ багийн тамирчид 1991 онд Латви улсын Рига хотод болсон волейболын олон улсын тэмцээнд оролцохоор очих үедээ Балтийн тэнгисийн эрэгт зохиогдсон Латви улсын элсний волейболын дотоодын тэмцээнд хоёр хоёроороо баг болон оролцсон нь манай тамирчдын хувьд  элсний волейбол тоглосон анхны тохиолдол байв.

Монголын Волейболын Холбоо, Монголын Үндэсний Олимпийн хороотой хамтран Спорт, олимпизмийн дээд эрмэлзлэлийн жил болон орчин үеийн Олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан элсний волейболын албан ёсны анхдугаар тэмцээнийг 1994 оны 8 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “ТЭЦ-4” цахилгаан станцын өмнө шинээр байгуулсан 2 талбайд зохион явуулахад эмэгтэй 5, эрэгтэй 8 баг оролцож, түрүүлэгчдийг Олимпийн 100 жилийн ойн медалиар шагнасан байна. Энэ тэмцээнд эмэгтэйчүүдээс I байрыг Б.Уранчимэг /Төв аймаг/, Л.Нарантуяа /БТДС/, II байрыг Т.Оюундэлгэр, Б.Ариунаа /ТЭЦ-IV/, III байрыг М.Ганцэцэг /Дөл/, П.Эрдэнэбулган /ҮБТДС/, эрэгтэйчүүдээс I байрыг Г.Баярсайхан, Б.Батбаатар /ТЭЦ-IV/, II байрыг Ж.Баасанхүү /МВХолбоо/, Б.Жаргалсайхан /ХДС/, III байрыг М.Мөнхтөр /УБИС/ Р.Долгион /84-р сургууль/ нарын хосууд эзэлж байжээ.Энэ нь харин дотоодод зохиогдсон элсний волейболын анхны тэмцээн юм.

Талбай байгуулах талаар холбооноос тавьсан хүсэлтийг ТЭЦ-4 станцын дарга Ц.Баярбаатар уриалгахан хүлээн авч 4 машин торгон элс татаж авчран элсний волейболын талбайг нэг хоногийн дотор байгуулж байжээ. 2000 оны 6 дугаар сард элсний волейболын “Алтан элс” клубыг байгуулж ажиллуулав.

“Алтан элс” клуб байгуулагдсантай холбогдуулж клубын албан ёсны нээлт болон тус клубын нэрэмжит анхдугаар тэмцээнийг “Сидней-2000 Олимпийн наадам-Бидний найдвар” уриан дор 2000 оны 9 сарын 9-10-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн “Зулзагын гол” дахь “Монгол алт” компанийн спорт амралтын бааз /элсэн талбай/-д Сиднейн олимпийн наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө зохион явуулсан байна. Тэмцээнийг эрэгтэй эмэгтэй 6 насны ангилалаар явуулахад 26 багийн 52 тамирчин оролцов.
“Алтан элс” клубээс хоёр дахь удаагийнхаа тэмцээнийг 2001 оны 9 сарын 1-2-ны өдрүүдэд МҮОХ-ны 45 жилийн ойн нэрэмжит болгон “Зулзагын гол”-д дахин зохион явуулав. Энэ удаагийн тэмцээнд 38 багийн 78 тамирчин мөн зургаан насны ангиллаар өрсөлдөж оролцогчдын тоо өмнөх жилээс нэмэгджээ.


2001 оны 9 сард Монголын Волейболын холбооноос Улаанбаатар хотын Туул голын эрэг дээр “Стандарт кэмп” аялал жуулчлалын компанийн нэрэмжит элсний волейболын тэмцээнийг 2 насны ангиллаар зохион явуулaхад 24 багийн 48 тамирчин оролцсон байна.

2003 оны 8 сарын 1-3-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд элсний волейболын анхны улсны аварга шалгаруулах тэмцээнийг 3 насны ангиллаар зохион байгуулав.