Пара волейбол

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие бялдарыг чийрэгжүүлэн, тэдний идэвхи сонирхолыг өрнүүлэн улмаар нийгмийн амьдралд татан оролцуулахад суугаагаар тоглодог волейбол чухал үүрэг гүйцэтгэдэг юм.Энэ зорилгоор 1991 онд Монголын суугаа волейболын холбоо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд суугаа волейболоор хичээллэх болжээ.

 

Манай суугаа волейболчид анх ОХУ-ын Красноярск хотноо болсон “Буяны цомын төлөө” тэмцээнд оролцож алтан медаль хүртэн уг цомын эзэн болсон байна.

 

Суугаа волейболын дасгалжуулагч багшаар 1991-1992 онд Н.Баяр­магнай, 1993-1994 онд спортын мастер Н.Чулуун­баатар, Г.Долмаа, 1994 оноос спортын мастер Д.Солонгоо нар ажиллаж байв.

 

БНХАУ-ын Бээжин хотноо 1994 онд зохиогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази далайн орнуудын спортын наадамд эмэгтэй, эрэгтэй баг оролцож эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртжээ.

 

Тайландын Бангкок хотноо 1999 онд болсон Азийн аврага шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүд мөнгөн медаль, Голландын Мастрих хотод 2000 онд болсон ДАШТ-нд эмэгтэйчүүд шагналт IV байр, 2002 онд БНСУ-ын Бусан хотод болсон Ази, Далайн орнуудын спортын VIII наадамд эрэгтэйчүүд V байр, Японы Токио хотод 2003 онд болсон Азийн аврага шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүд III байрыг тус тус эзэлсэн байна.