МАНГАЛЫН ДҮГЭРСҮРЭН
1922 онд Баянхонгор аймагт төрсөн.ОХУ-ын Москва дахь Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж, олон улсын хуульч мэргэжил эзэмшсэн. Монгол улсын Шүүх яамны орлогч сайд, Гадаад явдлын яамны орлогч сайд, сайд, НҮБ-ын дэргэд суух /Нью-Йорк, Женев хот/ Монгол улсын байнгын төлөөлөгч, Энэтхэг улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан манай улсын нэрт дипломатчдын нэг юм.
М.Дүгэрсүрэн Монгол улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд. Волейболын спортын мастер цолтой.Монголын волейболын холбооны анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон 1957-1959 онуудад ажиллаж байв.1951 онд БНАГУ-ын Берлин хотноо явагдсан Дэлхийн Залуучууд оюутны III их наадмын волейболын тэмцээнд Монголын волейболын шигшээ баг анх удаа оролцоход багийн ахлагчаар тоглосон байна.М.Дүгэрсүрэн гуайн зохион байгуулж тоглосон баг улсын аварга болон спартакиадын тэмцээнд олон удаа түрүүлсэн.
М.Дүгэрсүрэн гуай Монголын волейбол сонирхогчдын дунд “Шаахай Дүгэрсүрэн” хэмээн алдаршсан, 1940, 1950-иад оны нэрт волейболчдын нэг байв.