Ерөнхийлөгчид

1922 2002
МАНГАЛЫН ДҮГЭРСҮРЭН
1922 онд Баянхонгор аймагт төрсөн.ОХУ-ын Москва дахь Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж, олон улсын хуульч мэргэжил эзэмшсэн. Монгол улсын Шүүх яамны орлогч сайд, Гадаад явдлын яамны орлогч сайд, сайд, НҮБ-ын дэргэд суух /Нью-Йорк, Женев хот/ Монгол улсын байнгын төлөөлөгч, Энэтхэг улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан манай улсын нэрт дипломатчдын нэг юм. М.Дүгэрсүрэн Монгол улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд. Волейболын спортын мастер цолтой.Монголын волейболын холбооны анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон 1957-1959 онуудад ажиллаж байв.1951 онд БНАГУ-ын Берлин хотноо явагдсан Дэлхийн Залуучууд оюутны III их наадмын волейболын тэмцээнд Монголын волейболын шигшээ баг анх удаа оролцоход багийн ахлагчаар тоглосон байна.М.Дүгэрсүрэн гуайн зохион байгуулж тоглосон баг улсын аварга болон спартакиадын тэмцээнд олон удаа түрүүлсэн. М.Дүгэрсүрэн гуай Монголын волейбол сонирхогчдын дунд “Шаахай Дүгэрсүрэн” хэмээн алдаршсан, 1940, 1950-иад оны нэрт волейболчдын нэг байв.
1925 2003
БАДАМТАРЫН БАЛДОО
1925 онд төрсөн.МУИС, Москва дахь нийгмийн ухааны академи төгссөн.Түүх, философич мэргэжилтэй.Философийн ухааны доктор, ШУАкадемийн жинхэнэ гишүүн, Академич, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Волейболын спортын мастер цолтой. Б.Балдоо МУИС-д философийн тэнхмийн эрхлэгч, “Үнэн”сонины хэлтсийн эрхлэгч, МАХН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн захирал, БНАСАУ, БНЭУ, Балба, Бангладеш, Шриланка, Унгар, Австри улсад суух БНМАУ-ын Элчин сайд, ШУАкадеми зэрэг нам, төр, олон нийтийн байгууллагын нэрт зүтгэлтэн, эрдэмтэн хүн байв. Тэрээр Монголын волейболын холбооны Ерөнхийлөгчөөр 1960-1976 онуудад сонгогдон волейболын спортын хөгжлийн оргил үед ажиллаж байх хугацаандаа түүнийг цаашид улам боловсронгуй болгоход биечлэн жинтэй хувь нэмэр оруулсан билээ. Б.Балдоо 1951 онд БНАГУ-ын Берлин хотноо болсон ДЗОюутны III их наадмын волейболын тэмцээнд М.Дүгэрсүрэн ахлагчтай Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглон улмаар 1954 онд Унгар улсын Будапешт хотноо явагдсан Дэлхийн оюутан залуучуудын “Универсиадын” XII тоглолтод Монголын волейболын багийн ахлагч бөгөөд тамирчнаар оролцож байв. 1966 онд Чехословак улсад болсон эрэгтэй волейболчдын ДАШТ- д өөрийн улсын баг тамирчдыг тэргүүлэн оролцсон. Б.Балдоо гуай Монгол улсын баг тамирчид Японы Токио хотод 1964 онд болсон зуны XVIII Олимпийн наадамд анх удаа оролцоход Монголын баг тамирчдын тэргүүнээр, Мексикт 1968 онд, Мюнхенд 1972 онд болсон зуны олимпийн наадамд Монголын төлөөлөгчдийн тэргүүний орлогчоор, 1964, 1966, 1968, 1972 онуудад болсон Олон улсын волейболын холбооны их хурлуудад төлөөлөгчөөр оролцож байсан спорт Олимпизмийн нэрт зүтгэлтэн хүн юм.
1942 1999
БАДАМЦЭДЭНГИЙН ЦЭНД- АЮУШ
1942 онд Ховд аймагт төрсөн.ОХУ-ын Москва дахь Эдийн засаг статистикийн дээд сургууль төгссөн.Эдийн засагч мэргэжилтэй.БНМАУ-ын Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга, Төлөвлөгөө, Эдийн Засгийн Улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Монголын Үндэсний Статистикийн Төв Газрын дарга зэрэг төр, засгийн өндөр албыг олон жил хашиж байв. Тэрээр 1976 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугаар сар хүртэл Монголын волейболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа шилдэг тамирчдын залгамж халаа болсон хүүхдийн волейболын 10 гаруй өдөр өнжүүлэх бүлгүүдийг манай орны ЕБСургуулиудад нээж хичээллүүлэх шийдвэрийг улсын төсөв төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байлаа. Мөн тодорхой хугацаанд татан буугдсан волейболын улсын шигшээ багийг 1986 онд дахин орон тоогоор шинээр байгуулж хичээллүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн билээ.Б.Цэнд-Аюуш волейболын спортод үнэнхүү дур сонирхолтой бөгөөд түүгээр мэргэжлийн өндөр түвшинд тоглодоггүй ч сонирхогчийн журмаар хичээллэж, волейболын уралдаан тэмцээнийг тогтмол үздэг байнгын хөгжөөн дэмжигч, зүтгэлтэн байв. Б.Цэнд-Аюуш волейболоос гадна тэшүүр, ширээний теннисний спортоор /ЗХУ- ын дэд мастер/ цолтой түүгээр байнга хичээллэдэг сайн тамирчин байсан.
2012
ЦЭНДСҮРЭНГИЙН БАЯРБААТАР
Цэндсүрэнгийн Баярбаатар-2012 оны 11-р сарын 3-аас Волейболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.
2019
ТӨМӨРХҮҮГИЙН БАЯРХҮҮ
2019 оноос Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч